2024/07/22 / Ярилцлага

Ярилцлага #05 А.Батзориг

Таны мэргэжил сонголтод юу нөлөөлсөн бэ?
Би ахлах ангиа Сүхбаатар аймгийн Нэгдүгээр 10-н жилийн сургуулийг төгссөн. Төгсөх хавар дөхөх тусам бусад хүүхдийн л адил ямар мэргэжлээр хаана суралцах талаар бодол болж, эцэст нь аавтайгаа зөвшилцсөний эцэст ШУТИС-д Иргэний ба Үйлдвэрийн барилгын инженер чиглэлээр элсэн суралцаж байв. Барилгын инженер чиглэлээр сурахад нэг талаас компьютер, технологи, төрөл бүрийн программ сонирхдог хобби маань их нөлөө үзүүлсэн. Их сургуулиа төгсөх жилийн хавар Зураг төслийн компанид дадлага хийх үед тухайн компаний ахлах маань инженер мэргэжлийг технологитой холбож, зураг төсөл боловсруулах, тооцооны үр дүнгээр бүтээцийн шийдэл хэрхэн гаргах зэргийг зааж зааварлаж чиглүүлсэн нь Бүтээцийн инженер мэргэжилдээ дурлаж цаашид энэхүү чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзлийг бий болгосон.

Их сургуулиа төгсөөд 2017 онд одоогийн компанидаа ажлын гараагаа эхэлж байв. Анх зөвлөх инженерийн удирдлага доор олон төрлийн бүтээцлэлтэй томоохон төслүүдийн ажлын зургийг хариуцан ажиллах боломж тохиосон. Эргээд бодоход анхны ажлаа зөв газарт, зөв хүмүүстэй эхлүүлэх нь ажлын арга барилаа олохоос эхлээд олон чадварт сургадаг юм билээ.

Таны ажлын дундаж нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?
Манай гэр ажлаас нэлээд зайтай байдаг болохоор өглөө эртлэн босож ажилдаа гардаг. Ажил дээрээ ирээд үдээс өмнөх сэргэг үеэ ашиглан тухайн өдрийн ажлаа төлөвлөж чухал дарааллаар нь эрэмбэлээд хийж эхэлдэг, үдээс хойш төвлөрөх ажлуудаа нугалж авна. Ер нь ажлаа өгөгдсөн цагт багтаан өндөр бүтээмжтэй хийж дуусгаад, гэртээ эрт харьж, оройн цагийг аль болох хүүхдүүд, гэр бүлдээ зориулахад анхаардаг.

Хийх ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?
Манай компани Барилгын зураг төслийн салбарт үйлчилгээ үзүүлдэг учраас Барилга архитектур, инженерийн шугам сүлжээний баг, захиалагч, төсөл гүйцэтгэгч талуудтай хамтран ажиллах шаардлага гардаг. Тиймдээ ч 7 хоног бүрийн эхэнд багаараа хуралдаад хийгдэж байгаа төслүүдээ ярилцаад тухайн ажлыг хэзээ дуусах, ямар явцтай байгааг харах зэрэг олон үйлдлийг нэг дор хийдэг нь ажлаа төлөвлөхөд илүү амар байдаг.

Таны ажлын нөү-хау?
Ажлын арга барил дээр ч мэргэжлийн онцлог гарч ирнэ. Инженер хүний суурь зарчмын дагуу алдаа бага гаргах шаардлагатай учраас үргэлж нягт нямбай, хариуцлагатай байх шаардлагатай байдаг. Учир нь төсөл бүрийн ард их хэмжээний хөрөнгө оруулалт яригдаж байдаг тул жижиг том ямар ч асуудлыг аль болох гүн рүү орж шийдэх нь чухал. Мөн аливаа асуудалтай тулгарвал багаараа ярилцаж богино хугацаанд инженерийн оновчтой шийдэл гаргахыг эрмэлздэг.

Мөн багийнхантайгаа ажлаа хийхэд нь саад болж байгаа зүйл бий эсэхийг ярилцдаг байх хэрэгтэй юм билээ. Угаасаа л багийн гишүүдийн бүтээмжээс ажлын үр дүн шууд хамаардаг шүү дээ.

Ашигладаг программуудаа дурдвал
Ажлын орчинд Autodesk-ын инженерийн программуудыг ашигладаг. Тэр дундаа Autodesk Revit бол манай байгууллагын гол хэрэглээ. Ажлыг үр дүнтэй, алдаа бага, хурдан хугацаанд явуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг ба архитектур болон бусад инженерийн багуудтай хамтарч төсөл хийхэд хялбар байдаг.
Ган бүтээцтэй барилгын хувьд Tekla Structure болон IDEA Statica ашиглаж тооцоо, ажлын зураг төсөл боловсруулдаг.

Залуу инженерүүдэд хандаж юу хэлэх вэ?
Тооцооны үндсэн суурь ойлголт, тооцоо хийх чадвар дээр нэмэгдээд ажлыг төлөвлөх, бүтээцийн шийдэл гаргах, бусадтай харилцан ойлголцох зэрэг суурь чадварууд чухал гэж харж байна. Эдгээр чадварууд дээр нэмэгдээд Гадаад хэлний чадварыг нэмж онцолмоор байна. Учир нь зураг төслийн инженерүүдийн ашигладаг программууд бүгд гадаад хэл дээр ба түүнийг нэг бүрчлэн заадаг, чиглүүлдэг сургалт ховор тул инженер өөрийн хэлний мэдлэгийг ашиглан бие даан суралцах шаардлага үүсдэг.

Үүний зэрэгцээ аливаа зүйлийг өнгөц харж шийдвэр гаргалгүй, нухацтай бодож, харьцуулж үзсэнийхээ дараа эцсийн шийдийг гаргах хэрэгтэй. Гагцхүү тэгж гаргасан шийдвэртээ тууштай байх нь чухал шүү. Ялангуяа эхлүүлсэн ажлынхаа үр дүнг үзэх хатуужилтай байгаарай. Инженер хүнд олон зүйл хийж алдаж, оносон туршлага хамгийн чухал шүү гэж хэлмээр байна.