2026/03/05 / Үйл явдал

АНУ-ын “Greenbuild International Conference & Expo 2024”-д оролцлоо

 2024 оны 11 дүгээр сарын 12–15-ны өдрүүдэд АНУ-ын Филадельфиа хотын Үзэсгэлэнгийн төвд зохион байгуулагдсан “Greenbuild International Conference & Expo 2024” ногоон барилгын салбарын олон улсын хурал, үзэсгэлэнд манай байгууллага 5 архитектор, инженерийн бүрэлдэхүүнтэйгээр амжилттай оролцлоо.

“Built to Scale” уриан дор болсон уг арга хэмжээг Green Building United удирдан зохион байгуулж, дэлхийн олон орны ногоон барилгын мэргэжилтэн, бодлого боловсруулагчид, судлаачид, бизнес эрхлэгчдийг нэг дор цуглуулсан юм. Хурлаар тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит шийдэл, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлийн голлох хандлагуудыг танилцууллаа.

Мөн АНУ-ын Ногоон барилгын зөвлөл-өөс 2025 оноос хэрэгжүүлэх шинэчилсэн LEED v5 стандартыг танилцуулж, үнэлгээний шалгуурын 50 орчим хувь нь нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулахад чиглэж буйг онцолсон нь салбарын анхаарлын төвд байв.

Манай баг арга хэмжээний хүрээнд LEED гэрчилгээтэй барилга байгууламжуудтай газар дээр нь танилцаж, эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй материал, автоматжуулсан системийн шийдлүүдийг судаллаа. Тухайлбал, түүхэн барилгуудын үнэ цэнийг хадгалан сэргээн засварлаж, орчин үеийн оффис, лаборатори, нийтийн зориулалттай талбай бүхий хотхонд дахин төлөвлөсөн Navy Yard төсөл нь онцгой сонирхол татсан юм.

Эдгээр туршлагаас харахад ногоон барилга нь заавал өндөр өртөгтэй, нарийн технологи шаардсан шийдэл байх албагүй бөгөөд зөв төлөвлөлт, материалын оновчтой сонголтоор эрчим хүчний хэмнэлттэй, тогтвортой барилгыг Монгол Улсад хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэдгийг бид олж харлаа.