2024/03/21 /
Ярилцлага
Interview #03 Dashnyam.G
Одоо та ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ?
Үйлдвэрийн төсөл дээр ажиллаж байгаа. Ихэвчлэн концепц эскиз дээр ажилладаг. Одоо ажлынзураг зураад баг хамт олноосоо их юм сурч байгаа.
Төгсөөд ажиллаж эхлэхэд ямар байсан бэ?
Анх 3-р курсээсээ ажиллаж эхэлсэн. Их хэцүү санагдаж байлаа. Ярилцлагад ороход сэдвээ өгөөд шууд гар эскиз хийлгээд, зураад үзүүлсэн чинь шууд модельд гэж байсан. Тэр газраа анх программуудаас эхлээд олон зүйлийг сурч байлаа. Өмнө нь зургийн суурьтай байсан болохоор концепц хийх дөхөм байсан юм шиг санагддаг.
Ямар арга барилаар концепцоо хийдэг вэ?
Коллежид зургийн ангид сурч байхад зохиомж гэж хичээл ордог. Ямар ч хамаагүй нэг сэдэв өгөөд тэр сэдвийг зургаар илэрхийлнэ. Эхэндээ ойлгомжгүй их хэцүү санагдаж байсан. Багш тэгэхэд “Байгаа зүйлээс байхгүй үүсдэг. Эргэн тойрноо ажигла дүүрэн зохиомжийн сэдэв байгаа.” гэж хэлж байлаа. Энэ өгүүлбэр надад гүн тусаж тэрнээс хойш би эргэн тойрноо ажиглаж зохиомж эрж хайж явдаг болсон. Сүүлдээ зуршил болоод юм болгоныг хараад энэ зохиомжийн төв нь байна, эргэн тойрон нь ийм байвал төв нь тодрох юм байна гээд зохиомжилж хардаг болсон байсан. Их сургуульд ороод миний зохиомжийн сэдэв нь барилга болчихсон. Ийм арга барилаар анхны санаагаа гаргадаг. Мэдээж хүн хүн өөр, янз янзаар л санаагаа гаргадаг.
Яагаад архитектор болохоор шийдсэн бэ, яагаад зураач болоогүй вэ?
Зургийн ангийн дипломоо хамгаалсны дараа ангиараа тойрч суугаад ярилцаж байгаад багш биднээс төгсөөд юу хийх вэ, ямар сургуульд орох вэ гээд хүүхэд бүрээс асууж байсан юм. Надад төлөвлөгөө байгаагүй. Өмнөх хүүхдийн хариултаас санаа аваад юм бодолгүй ШУТИС-д архитектурын ангид ордог юм уу гэж бодож байгаа гэхэд “Чи чадах уу?” гэж хэлж байсан. Тэгж хэлснийх нь дараа сургалтанд явж байгаад их сургуульд орж чадсан. Одоо багшдаа их баярладаг, сүүлд баярлалаа гээд хэлсэн. Тухайн үед намайг чадахгүй л гэж бодсон юм шиг байгаа юм.
Мэргэжилдээ дуртай байхын талаар ярья.
Миний энэ мэргэжилдээ дуртай байхын нэг шалтгаан нь өмнө нь зургийн ангид байхад зургаа зураад л байх тусам гоё болоод байдагт, дээрээс нь зургаа дууссаны дараа харахад үнэхээр кайфтай мэдрэмж авдаг байлаа. Ерөнхий санааг нь гаргаад явж байтал сүүлдээ гоё болоод байгааг нь харах түүнтэй яг адилхан. Бусад архитекторууддаа хэлэхэд хийж байгаа юмныхаа үйл явцаас кайф авч байгаарай гэж хэлье.
Хүндрэлтэй зүйл байдаг уу?
Хүндрэлтэй зүйл бараг байхгүй. Концепц хийсээр байгаад гарт ороод, сүүлдээ уйдаад эхэлж байхад ажлын зураг хийж эхлээд, шинэ юм сурч байгаа болохоор сонирхолтой байгаа. Ажлын зураг зурж байхдаа жижиг деталиудыг хараад, цэвэрхэн гоё болж байгааг харах дуртай.
Миний хувьд хийж байгаа зураг минь баригдах баригдахгүй нь асуудал биш. Уран зургаар бол би зургаа зурчхаж байгаа юм. Тэрийг галлерид өлгөх өлгөхгүй нь дараагийн асуудал. Энэ баригдахгүй байсан ч надад байж л байгаа. Түүнээс цааш олон асуудал байгаа учраас тэрэнд анхаарлаа хандуулдаггүй.
Концепцоо хийж байгаад өөр юм бодогдонгуут хажууд нь хуулж тавиад санаагаа тусгаад явдаг. Надад таалагдсан мөртлөө захиалагчид таалагдаагүй хувилбарууд зөндөө. Гэхдээ өмнө нь хийж байсан санаанууд дараа дараагийнхаа төсөл дээр хэрэг болоод л явдаг. Батлагдаагүй хувилбаруудаа эргэж хараад, өмнөх санаануудаа сайжруулдаг ч юм уу бүгд л туршлага болоод явна. Захиалагч бол мэдээж өртөг, ашиглалт харна.
Чөлөөт цагаараа юу хийж байна вэ?
Чөлөөт цагаараа зураг зурмаар байна. Ямар хэмжээтэй, яаж зурах, иймэрхүү сэдвээр гээд зурах зургийнхаа санааг олчихсон. Гэхдээ эхэлж чадаагүй. Эхэлчих юм бол цааш нь бага багаар зураад байхаа мэдэж байгаа ч эхлүүлж чадахгүй л байна. Дараа жилийн зорилгодоо оруулаад заавал дуусгана.