MN
/ EN
Яг одоо та ямар төсөл дээр ажиллаж байгаа вэ? чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
Одоогоор би өндөр барилгын ажлын зураг хийгээд, дуусах шатандаа явж байна. Ажлын бус
цагаараа хот, хүрээлэн байгаа орчиндоо хувь нэмэр оруулах хот төлөвлөлт, орон зай, барилгатай холбоотой сайн дурын төсөл, хөтөлбөрүүдэд оролцохыг хичээж байгаа. Энэ жил улаанбаатар хотын гудамж, олон нийтийн орон зайг сайжруулахад хувь нэмрээ оруулаад явж байгаа creative 100 холбоонд шинээр гишүүн болон орсон байгаа. Бас зохиогдож байгаа мэргэжлийн тэмцээн уралдаануудад ажлынхаа хажуугаар аль болох цаг гаргаж оролцохыг зорьдог.
Төгссөнөөсөө хойш амжилттай оролцсон тэмцээн, уралдаан бүтээлч ажлаасаа дурдвал?
IC park олон улсын соёлын цэцэрлэгт хүрээлэнгийн төслийн уралдаан болон саяхан холбооны гишүүдийн дунд зохиогчсон бүтээлч уралдаанд Гараждах уу?концепцоор багаараа амжилттай оролцсон. Олон улсын архитектурын тэмцээнүүдэд мөн цаашдаа оролцохыг хүсдэг.
Бүтэн цагийн ажлын хажуугаар өөрийнхөө хийхийг хүссэн зүйлдээ хэрхэн цаг гаргадаг вэ?
Чөлөөт цагаараа ажил дээр хийж байгаагаасаа арай өөр зүйлсийг хийхийг хүсдэг. Мэргэжилтэй холбоотой ч гэсэн ажил болголгүй дуртай киногоо үзээд суудаг шиг л хобби болгож хөгжүүлээд цагийг илүү бүтээлч чөлөөтэй мэдрэмж өгдөг зүйлсдээ зориулж өнгөрүүлэхийг боддог. Манай салбарын одоогийн боломж, нөхцөл нь бүтээлч зүйл хийхэд хязгаарлагдмал байдаг. Тийм болохоор өөрийнхөө тэр байдлыг алдахгүйн тулд илүү чөлөөтэй, шинэлэг тэмцээн, уралдаануудад орохыг эрмэлздэг. Их сургуульд хийдэг байсан төслүүд шиг хүссэнээрээ чөлөөтэй сэтгэлгээгээр хандах боломжтой зүйлсийг үргэлжлүүлэн хийж, тэр мэдрэмжээ алдахгүй байх нь чухал санагддаг. Ирээдүйд боломж бололцоо бий болох үед сайн архитектур, гоё зүйлсийг бүтээхийн тулд өөрийнхөө бүтээлч байдлыг алдахгүйгээр хөгжүүлэх л ёстой гэж боддог.
Манай улсад илүү бүтээлч орон зай, барилга, байгууламжуудыг хийцгээе гэвэл ямар боломжийг бий болгох хэрэгтэй гэж бодож байна вэ?
Тийм боломжийг бий болгохын тулд эхлээд архитектор өөрөө сайн байх ёстой, бүтээлч байх ёстой. Захиалагчид олон сайн сонголтууд байвал илүү сайныг нь сонгоно. Нэг хүн сайн байлаа гээд сайн болж чадахгүй, ер нь нийтээрээ сайн байвал ядаж нэг нь гоц бүтээл хийж чадна гэж бодож байна. Өрсөлдөөнтэй байх юм бол бүтээлч зүйл гардаг. Гэхдээ шударга өрсөлдөөн явуулах нөхцөл байдал бий болох нь л хамгийн чухал байх. Нөхцөл байдлаа сайжруулахын тулд хүн болгоны хичээл зүтгэл хэрэгтэй юм болов уу?.
Барилгын салбарт ажиллаж байгаа хүмүүс, дийлэнх архитекторуудын хувьд сайн архитектур хийх бус тухайн ажлыг аваад, хийгээд дуусгах нь илүү чухал байгаа болохоор бас бүтээлч орон зай дутагдахад нөлөөлж байгаа болов уу?
Тэр бас нэлээн нөлөөлж байгаа. Нийгэм, одоогийн нөхцөл байдалд тэрнээс өөр арга байхгүй учраас бас ийм байдалтай байгаа байх. Мэдээж ирээдүйд энэ бүхэн өөрчлөгдөнө гэж найдаж байгаа. Тийм болохоор үргэлж өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй.
Бусад үе тэнгийн архитекторууд, оюутнуудад хандаж мэргэжлээрээ ажиллах тухай юу гэж зөвлөх вэ?
Өөрийн гэсэн архитектурын үзэл баримтлал-тай болох хэрэгтэй. Хүн хөгжих тусам цаг үеэ дагаад өөрчлөгдөөд явна. Тийм учраас өөрийн гэсэн зарчим үнэ цэнтэй байх нь илүү чухал, тэгж байж хүмүүстэй өрсөлдөнө. Бас хийж байгаа ажилдаа мэдээж өөрийн юм шиг хандах хэрэгтэй, дийлэнх хүмүүст харагддаг нэг зүйл гэвэл хүний юм хийж өгч байгаа мэт ажилдаа ханддаг тохиолдол их байдаг. Тэр хандлагаас болоод багаар ажиллаж хийдэг ажил учраас сайн зураг, ажил гардаггүй санагддаг. Багаар ажиллаж байхад багийн нэг хүний хийсэн ажил муу болбол тэр төсөл дагаад муу болно. Хүмүүсийн тиймэрхүү хандлагаас шалтгаалсан асуудал зөндөө гардаг. Тэгэхээр архитекторууд өөрийн гэсэн зарчим, үнэ цэнтэй байгаад хийж байгаа зүйлдээ ач холбогдол өгч өөрийгөө сонирхсон зүйлдээ хөгжүүлж бүтээлч байх хэрэгтэй л гэж боддог доо.
Төгсгөлд нь та уншигч нарт хандаж ярианаас орхигдсон зүйл байвал хэлээрэй?
Эргэн тойронд сурах зүйлс, хийх зүйлс, боломжууд дүүрэн байгаа. Жижиг ч гэлтгүй, том ч гэлтгүй тэр болгоныг эрэлхийлээд явбал өөрөө хөгжинө, чөлөөтэй сэтгэлгээтэй боломж бүрийг ашиглахыг л хичээх хэрэгтэй. Ер нь хүмүүс хүнээс юм хүсээд, гомдоллоод байдаг санагддаг. Та ингэсэнгүй, чи ингэсэнгүй гэх мэт тиймэрхүү хүнээс хараат байдал их байгаа. Ялангуяа залуу хүмүүс тиймэрхүү байдлыг хойноо үлдээгээд өөрийнхөөрөө, зөвхөн өөрөөсөө бүх зүйлээ эрж хайх нь хамгийн зөв гэж бодож байна.