MN
/ EN
Мэргэжил сонголт болон уг мэргэжлийн онцлогийн тухай.
Анх халаалт агаар сэлгэлт гэсэн мэргэжлийн талаар төсөөлөлгүй, мэдэхгүй байж байгаад сонгосон. Суралцах хугацаандаа ямар мэргэжлээр сурч, хаана ямар ямар төрлийн ажил хийж болох талаар анх мэдэж авсан. Мөн ажиллах хугацаандаа мэргэжлийнхээ онцлог давуу талыг ойлгож зөв мэргэжлээ сонгосон гэж бодох болсон.
Энэ мэргэжлийн онцлог нь хүмүүсийн ажиллах, амьдрах тав тухыг бүрдүүлэхээр шийдлийг гаргаж ажилладаг. Жишээлбэл хүмүүсийн амьсгалаар CO2-ын хэмжээ ихэсдэг. Үүнээс хамаараад бүгчим байдал бий болдог. Иймээс зөвхөн цонхтой байгаад агаар сэлгэнэ гэдэгт найдахгүйгээр заалаа тархсан жигд агаар сэлгэлтийн систем хэрэгтэй.
ХАС-ын инженер ямар ямар чиглэлд ажиллах боломжтой вэ?
Угсралт, зураг, ашиглалт буюу баригдаж дууссан барилгын засвар үйлчилгээг хариуцах, захиалагчийн инженерээр мөн ажиллах боломжтой.
Манай мэргэжлийг хүүхдүүд сонгохгүй байгаа нэг шалтгаан нь ЕБС-д байхаасаа шинжлэх ухааны хичээлдээ сонирхолгүй байгаа болохоор эргээд инженерийн төрлийн мэргэжлийн сонгох нь бага байгаа гэж боддог. ЕБС-с нь эхлээд суурийг нь сайн тавих хэрэгтэй. Түүнээс гадна мэргэжлийн өдөрлөг сайн зохион байгуулбал энэ мэргэжил сайн танигдах байх.
Ажиллах хугацаандаа хамгийн их зүйл сурсан төсөл.
Хамгийн их зүйл сурсан төсөл гэхээр шууд бодогдож байгаа нь энэ компанидаа орж ирээд хийсэн Тоёотагийн төсөл. Яагаад гэвэл анхны Revit дээр хийгдсэн ажлын зураг, зургийн дараа угсралт нь хийгдсэн нь бодитоор өөрийнхөө зурсан ажлыг харах боломжийг олгож алдааг нь олж хараад цаашдаа засаж сайжруулах, анхаарах зүйлсийг ойлгож авсан.
Инженерийн суралцсан байх ёстой суурь чадварууд.
Барилгын салбарт ажиллана гэдэг нь ганц хүний биш багийн ажил байдаг болохоор бусадтайгаа ярилцаж зөвшилцөх, хамтран ажиллах чадвартай байх хэрэгтэй. Мөн юмсыг нэгийг нь нөгөөтэй нь харьцуулж ул суурьтай боддог, үндэслэлтэйгээр шийдэл гаргадаг, нягт нямбай, хариуцлагатай байх хэрэгтэй гэж би боддог.
Захиалагчийн хүслээс болоод хэрэгждэггүй зүйл байгаа юу?
Ер нь бол байдаг. Жишээлбэл агаар сэлгэлтийн хувьд гэхэд шийдлээсээ хамаараад тоног төхөөрөмжийн өрөөг давхар бүрд эсвэл нэгтгээд нэг техникийн давхар гаргах хэрэгтэй байдаг. Дийлэнх тохиолдолд барилгынхаа үнэ өртгийг нэн тэргүүнд тавиад гаргахгүй тохиолдол байдаг. Гэхдээ хүмүүс ковид гарсантай холбоотой агаар сэлгэлт хэрэгтэй юм байна гэдгийг ойлгоод, чухалчилж авч үзэх болсон.
Угсралтын явцад зургийн өөрчлөлт хэр гардаг вэ?
Зурган дээр деталь хэсгүүд дутуугаас болоод угсралтын явцад зураг өөрчлөгдөх тохиолдлууд байдаг. Угсралтын үед ажлын нарийвчилсан зураг буюу shop drawing сайн зурагдвал яг зурсан зургаараа явах бүрэн боломжтой. Revit дээр зурж байгаа нь нарийн зураг гаргах алхам руу дөхөж байгаа.
MEP инженерүүд хоршиж ажиллах тухай.
AutoCAD дээр зурахад тэр болгон давхцалаа харах боломжгүй. Давхцал үүссэн гэж бодоход тэрийгээ угсралтын инженерүүд талбай дээр шийддэг. Одоо Revit дээр зурж байгаагийн давуу тал нь зургийн инженерүүд тус тусын шугам хоолойг ямар түвшинд төлөвлөхөө ярилцаад, давхцалын зургийг бодитоор гаргаж өгөхөөр угсралт дээр асуудал бага гарна гэсэн үг.
Төсөл болгон дээр шахтны асуудал, техникийн өрөөний асуудал яригддаг. Хоорондоо зөвшилцөж байгаад аль болох норм дүрмийн дагуу боломжтой шийдлийг гаргахыг хичээдэг.
MEP менежер гэхээр ХАС, ЦБУ, Цахилгаан, Холбоо дохиолол гээд бусад хоршиж ажиллаж байгаа инженерүүд дундаа ажлыг нь нэгтгээд, зохион байгуулаад явах үүрэгтэй гэж боддог.
Залуу инженерүүдэд хандаж юу хэлэх вэ?
Оюутан байхаасаа норм дүрмээ сайн уншиж судалж, багш нартайгаа ярилцаж хоорондоо хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Монгол хэл дээрх норм дүрэм ихэвчлэн Оросоос орчуулсан байдаг. Тиймээс зөвхөн монгол хэл дээрх ном, норм дүрэмдээ баригдахгүйгээр тухайн уншиж судалж буй зүйлээ эх хэл дээрх хувилбартай нь зэрэгцүүлж харах мөн оюутан байхдаа мэргэжлийн дадлагуудаа сайн хийх хэрэгтэй. Түүнээс гадна төгсөөд угсралт, зураг, ашиглалт аль аль салбарт нь 2-3 жил ажиллаад үзвэл мэргэжлийн дөртэй болно гэж боддог.