MN
/ EN
Өнгөрсөн Лхагва гарагт барилгын салбарт чухал үйл явдал болсон нь 2015 оноос хойш удаашраад байсан стандарт болон хяналт шалгалттай холбоотой тогтолцооны шинэчлэл өөрчлөлтийн талаар хэлэлцсэн үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Хэлэлцүүлэгт барилгын салбарт ажиллаж буй шат шатны төлөөлөл хувийн хэвшлийн компаниуд мэргэжлийн холбоод, нийслэлийн болон хотын стандартын байгууллагууд, Барилга, хот байгуулалтын яамны төлөөллүүд оролцож, барилгын зураг төсөл боловсруулах үе шатнаас эхлэн угсралт, ашиглалтад оруулах хүртэлх бүх үе шатыг хамарсан асуудлуудыг хэлэлцлээ.
Тус үйл ажиллагаа нь лекц, хэлэлцүүлэг, хэлэлцүүлгээс гарсан үр дүнгийн танилцуулга гэсэн гурван үндсэн хэсэгтэйгээр зохион байгуулагдсан бөгөөд зураг төсөл, барилгын угсралт болон ашиглалтад оруулах гэсэн үндсэн чиглэлээр оролцогчдыг гурван салбар хуралдаанд хуваан зэрэг явуулсан нь оновчтой шийдэл байлаа.
Зураг төсөл боловсруулах үйл ажиллагааны хэсэгт зургийн компаниудыг төлөөлөн “Эм Жи Эл И Эн Си” ХХК-ийн захирал Б.Билгүүн панелистаар оролцож, зураг төслийн компаниудад тулгарч буй бэрхшээл, салбарын хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай шинэчлэлийн талаар санал бодлоо хуваалцлаа.
Хэлэлцүүлгийн үеэр архитектур төлөвлөлтийн даалгавар заавал байх шаардлагатай эсэх, магадлалын хугацааг багасгаж зөвхөн зайлшгүй шаардлагатай тохиолдолд хийх, төрийн оролцоог багасган захиалагч талаас хяналт шалгалт хийх, шат шатны үйл ажиллагааг хувийн компаниудаар гүйцэтгүүлж тэдгээрийг төр бүртгэн хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй гэх саналууд яригдлаа.
Хэлэлцүүлгээр хөндсөн асуудлуудын шийдлийн хүрээнд салбарын тогтолцоог шинэчлэхээс гадна инженер, архитекторуудын чадавхыг нэмэгдүүлж, чадварлаг мэргэжилтнүүдийг бэлтгэх шаардлага байгааг онцолсон. Мөн олон улсын жишиг гэрээний загваруудыг нэвтрүүлж, төслийн удирдлагын тогтолцоог сайжруулах нь салбарын цаашдын хөгжилд чухал ач холбогдолтой гэж мэргэжлийн зөвлөхүүд зөвлөлөө.
Нийслэлийн болон холбогдох байгууллагуудаас 2029 он хүртэл хэрэгжүүлэх шинэчлэлийн төлөвлөгөөг танилцуулж, цаашид ээлжит хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах ба салбарын шинэчлэлийн үйл явц албан ёсоор эхэлж буйг мэдэгдлээ.