Энэхүү буландаа бид архитектур, инженер мэргэжлээр ажиллаж буй мэргэжилтнүүдтэй ярилцаж, тэдний ажлын орчин, хийж гүйцэтгэдэг ажил, үүрэг болон мэргэжлийн онцлогийн талаар бодит мэдээллийг хүргэхээр бэлтгэдэг билээ.
Энэ удаад мэргэжлээрээ 7 дахь жилдээ ажиллаж буй MGL E&C компанийн ХАС-ийн мэргэшсэн, ахлах инженер М.Баярхүү энэхүү мэргэжлийн талаарх ойлголт, салбарын хөгжил, тулгамдаж буй асуудал зэргийг хөндөн өөрийн туршлага, үзэл бодлын талаар яриа өрнүүллээ.
Өөрийнхөө талаар товч танилцуулбал
Сайн байцгаана уу. Намайг Мөнхбилэг овогтой Баярхүү гэдэг. 2014 онд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуульд “Халаалт, агаар сэлгэлтийн инженер” мэргэжлээр элсэн орж суралцаж төгсөөд 2018 оноос хойш барилгын зураг төслийн салбарт ажиллаж байгаа.
Мэргэжлийнхээ талаар дэлгэрүүлбэл
Халаалт агаар сэлгэлт гэдэг энэ салбарыг хүмүүс ойлгохдоо ерөөсөө барилгын дулааныг шийддэг гэж ойлгодог. Гэтэл агаар сэлгэлт, хөргөлт, агааржуулалт-ыг шийдэх тэдгээрийн тооцоог хэрхэн зөв оновчтой гаргаснаас шалтгаалан тухайн барилгад байх хүн бүрийн тав тух хэрхэх вэ? гэдгийг шийддэг чухал мэргэжил юм. Яг дулааны талыг авч үзвэл дулааны станцын хомсдол гэх асуудал бидэнд бий. Үүнээс үүдэн нэмэлтээр сэргээгдэх эрчим хүч, нарны дулаан, дулааны насос, газрын гүний дулаан гэх мэтчилэн олон шийдлүүдийг эрэлхийлж хэрэгжүүлэхийг хичээдэг. Гэвч үүнийг зураг төсөлд тусган хэрэгжүүлэхэд нэлээдгүй хүндрэлтэй тулгардаг. Монгол улсын эрс тэрс цаг агаарын нөхцөлд тохирсон тоног төхөөрөмжийг нийлүүлэх, суурилуулалт хийх компани болон үүн дээр мэргэжлийн түвшинд заавар зөвлөгөө өгөх боловсон хүчин хомс байдаг нь хүндрэл үүсэх шалтгаан болдог.
Ногоон барилга дахь халаалт агаар сэлгэлтийг онцолбол
Ногоон барилга дээрх халаалт агаар сэлгэлтийн шийдэл цөөнгүй стандартчиллыг баримталсны дүн дээр хүлээн зөвшөөрөгддөг. Төлөвлөлтийг анхнаас нь тусгай норм дүрмийн дагуу хийх нь чухал. Жишээ татвал хөргөлтийн шингэний хэмжээг зааж өгсөн байх ба тухайн хэмжээг хангах эсвэл эсвэл илүү гаргаж болно гэх мэтчилэн заалттай байдаг. Мөн өрөө тасалгаанд хэр хэмжээний агаар сэлгэлт хэрэгтэй байна вэ гэдгээс хамааран тухайн өрөөнд тохирох сараалж, түүнд дээрх автомат хаалтууд, хаалтуудаа дагаад хаанаас, хэрхэн удирдах болон төхөөрөмж дээр мэдээлэл хэрхэн очих вэ зэргийг автоматжуулалттай уялдуулан хийдэг.
Төлөвлөлтийн явцад гарах хүндрэлүүдээс дурдвал
Захиалагч болон зураг төсөл гүйцэтгэгч талуудын ойлголцол сайн байх нь хамгийн чухал. Социализмын үеийн орон сууцны барилгад ашигладаг байсан ердийн агаар сэлгэлтийн систем нь хаших хийц, цонх хаалганы шүүрэлтээр орж ирэх дулааныг тооцоолон түүн дээрээ агаарын даралт үүсгэн ердийн сорох систем үүсэж агаар сэлгэлт явагддаг байсан бол одоо үед барилгын битүүмж илүү сайжирснаар заавал цонх онгойлгож байж агааржуулалтын систем ажиллах нөхцөл үүсгэж байна. Тиймээс төлөвлөж буй барилга бүр орон сууцны барилга байна уу, олон зориулалттай барилга уу, масс жижиг, том байхаас үл хамааран хамгийн тохиромжтой шийдлийг гарган ажиллахыг зорьдог. Бид томоохон хэмжээний үйлдвэрийн барилга болон олон нийтийн барилгад техникийн өрөөг хангалттай хэмжээнд гарган нэгдсэн систем-ийг төлөвлөх нь эргээгээд ашиглалтын хугацаа уртсах, хүнд таатай орчин үүссэнээс үүдэх олон давуу талуудыг бий болгодог.
ХАС-ийн мэргэжлийн оюутан залууст суралцаж буй хугацаандаа юуг илүү анхаарч, түлхүү
ажиллавал ажлын байранд гарах үед хамгийн их тус дэм болох талаар зөвлөгөө өгвөл...
Мэдээж онолын мэдлэгээ суралцаж буй хугацаандаа олж авах нь чухал. Гэхдээ миний зүгээс давхар дадлагын ажлаа үр дүнтэй хийхийг зөвлөмөөр байна. Барилгын талбай дээр хийгддэг үйлдвэрийн дадлагаар халаалтын босоо шугам, хэвтээ магистрал, халаах хэрэгслээр босоо шугам хүртэл полимер хоолой нь хэдэн янз байдаг болон хэрхэн холбогддог гэх мэтчилэн зүйлсийг яг бодитоор өөрийн нүдээр харж, мэдэж авснаар зураг төслийн ажилд оролцоход онолын мэдлэгээ тухайн практик дадлагатайгаа хослуулан ажиллавал илүү хялбар байх болно.
Энэ салбарын хөгжлийг цаашдаа ямар байгаасай гэж хүсэж байна?
Зураг төсөл зохиогчид зөв шийдлээр зурж, төлөвлөх нь чухлаас гадна манай орны эрс тэрс уур амьсгал буюу хэт халалт болон хэт хүйтрэлттэй цаг агаарт тохирсон тоног төхөөрөмжийн хөгжлийг нэмэгдүүлэх, сайжруулах нь энэ салбарын томоохон үр дүн бүхий өөрчлөлтийг бий болгоно гэж харж байна. Төвийн дулаанд холбогдоогүй хэсэгт төлөвлөгдөж буй барилга байгууламжид ашиглах халаалтын төхөөрөмж нь монголын нөхцөлд бүрэн ажиллах боломжтой, илүү чанартай, баталгаатай байдлаар хөгжөөсэй хэмээн бодож байна.